Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр 261 иргэн эх орондоо ирсэн. Тэднээс 37 иргэнийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт, бусад иргэнийг зочид буудалд хуваарилжээ.
"Сөүлээс ирсэн 261 иргэний 6 нь 2 хүртэлх насны, 24 нь 3-18 настай хүүхэд бөгөөд 17 жирэмсэн эмэгтэй, эмчилгээ шаардлагатай 24 хүн байна. Монгол Улсад өнөөдрийг хүртэл лабораторийн шинжилгээгээр 14 хүнээс "COVID-19” халдвар илэрсэн. Тэдний 2 нь эдгэрч тусгай сувилалд үргэлжлүүлэн 14 хоног ажиглалтад байгаа. Бусад 12 хүнд хамар битүүрэх, булчин өвдөх, бие арзайх шинж тэмдэг нийтлэг ажиглагдаж байна. Халуурч байгаа 4-5 хүн байна” хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
Одоогоор тусгаарлан ажиглах байранд 2 314 хүн байна. ОХУ-ын эрдэмтэд 4-5 дугаар сард коронавирусний халдварын оргил үе болно хэмээн таамаглаж байгаа. Тиймээс бид анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг ЭМЯ-наас сануулж байна.