Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс өнгөрөгч сарын 26-наас энэ сарын 2-ны өдрийг хүртэл шинэ коронавирусийн (covid-19) халдварын тархалтаас сэргийлэн нутгийн зон олныхоо эрүүл энхийн төлөө хандивын аян зарласан билээ.
Энэхүү аяны гол зорилго нь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Онцгой комисс, сумдын хүн эмнэлэгт нэн хэрэгцээтэй байгаа иж бүрэн хамгаалалтын хувцас, амны хаалт, гар ариутгагч, ариутгалын спирт зэрэг шаардлагатай зарим зүйлээр хангахад чиглэсэн юм.
Ийнхүү Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Н.Тилеуханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хандивын аянаар цугласан бараа материал болон бусад зүйлсийг сумуудад болон аймгийн төвд хүргэж өгөхөөр хөлгийн жолоо залаад байгаа юм.
Ажлын хэсгийнхэн өчигдөр Улаанхус суманд аяны дөрөө мулталж, холбогдох албаныхантай уулзаж, нөхцөл байдалтай танилцсан байна. Тэд тус сумын Онцгой комисс болон эмнэлгийн төлөөлөгчидтэй уулзаж хандивын хүрээнд цугласан иж бүрэн хамгаалалтын хувцас, амны хаалт, гар ариутгагч, сальфетка, ариутгалын спирт зэрэг шаардлагатай үед хэрэглэх хэрэгслүүдийг гардуулж өглөө.
Энэ дашрамд, хандивыг хулээж авсан тус сумын Онцгой комиссын төлөөлөгчид "Дэлхийг ч цочроож буй энэхүү аймшигт цар тахлаас сэргийлэхэд шаардлагатай хэрэгсэл материалууд дутмаг байгаа энэ үед буяны гараа сунгаж, нутгийн зон олныхоо төлөө ингэж хичээнгүйлэн ажиллаж байгаа Та бүхэнд сумынхаа иргэд нийтийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна” гэлээ.