Английн Тоттенхэм Хотспур багийн Өмнөд Солонгос довтлогч Сон Хын-Мин эх орондоо цэргийн бэлтгэлд хамрагдах болсныг түүний агент Сон Сын-Хюк мэдээлжээ. Тэрбээр "Сон 14 хоногийн тусгаарлалтаа дуусгаад Чэжү арал руу дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэх тэнгисийн цэргийн 9-р бригадын анхан шатны цэргийн бэлтгэлд гурван долоон хоногийн турш хамрагдана” хэмээжээ.
Сон Хын-Мин өнгөрөгч гуравдугаар сард Английн Премьер лиг түр хугацаанд зогссон учир эх орондоо эргэн ирж одоогийн байдлаар 14 хоногийн турш тусгаарлагдаад байгаа аж.
Өдгөө 27 настай тэрбээр өнгөрөгч 2018 онд Азийн наадамд Өмнөд Солонгос улсынхаа хөлбөмбөгийн шигшээ багтай хамт түрүүлснээр цэргийн алба хаах үүргээсээ чөлөөлөгдсөн. Гэвч хуулийнхаа дагуу дөрвөн долоон хоногийн турш энгийн цэргийн бэлтгэлд эсвэл гурван долоо хоногийн турш тэнгисийн цэргийн бэлтгэлд хамрагдах ёстой ажээ.
Өмнөд Солонгос улсад 18-35 насны цэргийн албанд тэнцэх эрүүл чийрэг биетэй эрэгтэй хүмүүс хамгийн багадаа 21 сарын турш цэргийн алба хаах хуультай.
Сон Хын Мин энэ улиралд Английн Премьер лигт 9 гоол оруулж, 7 дамжуулалт өгчээ.