УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.21) өргөн барилаа.
COVID-19 цар тахал тахлаас сэргийлэх үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан юм. Ажлын баг Гамшгаас хамгаалах тухай хуулийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн шинэчлэн найруулжээ.
Уг хуулийн төслөөр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт орох аж. Үүнд:
-Гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулийн хэрэгжилт, олон нийтийн ойлголтыг харгалзан зарим нэр томьёог өөрчлөн найруулж, зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулсны зэрэгцээ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тусган бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх ойлголтыг шинээр томьёолжээ.
-Гамшгаас хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар төсөлд шинэ зүйл нэмэх, Улсын Их Хурал, Засгийн газрын гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх бүрэн эрхэд нэмэлт оруулахаар зохицуулжээ. Мөн гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмэхээр тусгажээ.
-Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, түүнчлэн иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмж өгсөн байна.
-Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг хангахтай холбоотой хэсэг, заалтыг шинээр нэмж тусгасны зэрэгцээ бусад хуульд давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулахаар зохицуулжээ.
Хуулийг баталснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж төсөл санаачлагч үзсэн байна.