Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр протез, ортопедийн үйлдвэрүүдийн ажлыг сонирхож, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, холбогдох шийдвэрүүдийг гаргахаар болов.
Монгол Улсын хэмжээнд 140 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 40 хүртэл хувь нь ямар нэг байдлаар эд, эрхтэн дутуу аж. Эдгээр иргэдэд шаардлагатай хиймэл эрхтэн, туслах хэрэгслийг төрийн өмчийн "Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв”, хувийн хэвшлийн "Эрхэм чанар” үйлдвэрийн газарт үйлдвэрлэдэг.
Хэдийгээр Улсын хэмжээнд хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ч халдвар хамгааллын дэглэм стандартыг мөрдөн эдгээр үйлдвэр тасралтгүй ажлаа үргэлжүүлж байна. Тус бүр 13-18 ажилтантай аж. Эрхэм чанар үйлдвэр нь байгуулагдаад 10 гаруй жил болж буй, орчин үеийн техник, тоног төөхөөрөмжөөр тоноглогдсон, хамгийн сүүлийн үеийн протезуудыг үйлдвэрлэдэг бөгөөд, ХНХЯ-аар дамжуулан хуулийн хүрээнд төрөөс бүхий л дэмжлэг, үйлчилгээг авдаг. Мөн Олон Улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай байж, үйл ажилаагагаа өргөжүүлсээр иржээ. Гэхдээ цаашид ажиллахад бэрхшээл тулгарчээ. Хөгжлийн банкнаас 1.5 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд төлөлт тасалдснаас үүдэн шүүхийн шийдвэрээр үйлдвэрийн барилгыг хурааж дуудлага худалдаанд оруулах болжээ. Иймд цаашид ажлыг нь үргэлжүүлэх боломж нөхцлөөр дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас үйлдвэрийн удирдлага хүссэн.
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв төрийн өмчит протез, ортопедийн үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Техник, тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай. 1960-аад онд суурилуулсан зарим төхөөрөмжөөр үйлдвэрлэлийг үргэлжүүлж байгаа гэв. ХНХЯ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд техникийн шинэчлэлтүүд үе шаттай хийгдэх бөгөөд 2020 онд 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Улсын хэмжээнд жилдээ дээрх хоёр үйлдвэрээр 1500-1700 орчим хүн хиймэл хөл, гар зэрэг протез хийлгэдэг байна. Сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан протезийн жишиг үнийг шинэчлэн тогтоох шаардлага үүссэнийг үйлдвэрийн удирдлагууд онцолсон. Тодруулбал эдгээр үйлдвэрүүд 2012 онд хуулиар тогтоосон зах зээлийн жишиг үнийг одоо ч мөрдөж байгаа юм. Энэ нь үйлдвэрийг алдагдалд оруулах шалтгаан болжээ. Иймээс жишиг үнийг зайлшгүй шинэчлэн тогтоож байж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 100 хувь халамжийн мөнгөөрөө протезоо худалдан авах боломж бүрдэх хийгээд үйлдвэр ч алдагдалгүй ажиллана гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус хоёр үйлдвэрийн ажлыг биечлэн үзсэнийхээ дараа хэлэхдээ, "Монгол Улсын Засгийн газар болоод Ерөнхий сайдын хувьд дөрвөн төрлийн иргэнд илүү их анхаарал халамж хэрэгтэй гэж үздэг. Нэгдүгээрт, хүүхэд, хоёрдугаарт, ахмад буюу өндөр настан, гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, дөрөвдүгээрт, өрх толгойлсон эх, эцэг. Тиймээс протезийн үйлдвэрүүдийн ажлыг биечлэн үзэж, ажилчидтай нь уулзаад явж байна. Эхний ээлжинд тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Хоёр том асуудлыг эхний ээлжинд шийдэх шаардлагатай гэж ойлголоо. Үйлдвэрт мөрддөг жишиг үнэ, үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг тус тус шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон байна" гэлээ. Тэрбээр, ХНХ-ын сайд С.Чинзоригт эдгээр асуудлыг шйидвэрлэх талаар төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг газар дээр нь үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.