Зүчи зочид буудалд ажиглалтад байсан 25 настай эмэгтэй ХӨСҮТ-д өнөөдөр амаржиж охинтой болжээ.
Тэрээр тусгай үүргийн онгоцоор дөрөвдүгээр сарын 30-нд эх орондоо ирсэн бөгөөд хоёр удаагийн шинжилгээгээр коронавирусний халдваргүй гарчээ. Ээж, охин хоёрын биеийн байдал сайн байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд долоон улсаас нийт 278 иргэн эх орондоо ирсэн билээ. Үүнээс өндөр настан 29, эрүүл мэндийн шалтгаантай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, оюутан 41, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай тав, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн байсан аж.