Сүүлийн хоёр сард дэлхийн хамгийн чинээлэг 25 эрхмийн хөрөнгө $255 тэрбум доллараар нэмэгдсэн байна. Forbes сэтгүүл тэрбумтнуудын хөрөнгийг гуравдугаар сарын 23-наас тавдугаар сарын 22-ны хооронд хэр өссөнийг тооцоолжээ. 25 тэрбумтны хөрөнгө ойролцоогоор $1,5 их наяд болсон нь бүх тэрбумтнуудын нийт хөрөнгийн 16 хувийг эзэлж байна.
Энэ хугацаанд Facebook-ыг үндэслэгч Марк Цукерберг хөрөнгөө $31,4 тэрбумаар нэмэгдүүлэн $86,5 тэрбумын эзэн болов. Сүүлийн хоёр сард Fаcebook хувьцааны үнэ 60 хувиар нэмэгдэн тавдугаар сарын 22-нд дээд амжилт тогтоов. Улмаар Цукерберг баячуудын жагсаалтын долоогоос дөрөвт бичигдэх боллоо. Цар тахлын үеэр Хятадын онлайн худалдааны Алибабагийн дараа ордог Pinduoduo компанийг үндэслэгч Колин Чэн Хуан бас их хөрөнгөжив. Тус компанийн хувьцааны үнэ гуравдугаар сарын 23-наас хоёр дахин нэмэгдэж Хуан $17,9 тэрбумаар баяжив. Одоо тэр 35,6 тэрбум доллартайгаар Хятадын гурав дахь баян болжээ.
Amazon компанийг үндэслэгч Жефф Безос $29,9 тэрбумаар хөрөнгөө зузаатган $146,9 тэрбумд хүргэв. Forbes сэтгүүл түүнийг дэлхийн баян хүнээр нэрлэлээ. Цар тахлын үед цахим худалдааны талбарууд эрэлт ихтэй байсан нь Amazon-ы хувьцааг 29%-иар нэмэгдүүлсэн байна.
Microsoft-ын Билл Гейтсийн хөрөнгө $11,9 тэрбумаар нэмэгдэн $106,5 тэрбумд хүрчээ.
LVMH-ын ерөнхий захирал Бернер Арногийн хөрөнгө $12,8 тэрбумаар нэмэгдэн $94,1 тэрбумд хүрсэн бол Berkshire Hathaway сангийн тэргүүн Уоррен Баффет $6 тэрбумыг олон $69,2 тэрбумын хөрөнгөтэй болжээ.