АНУ-ын Хөрөнгийн биржийн арилжаа уналттай хаагдсан нь Азийн хөрөнгийн биржийн арилжаа ч уналттай эхлэхэд нөлөөллөө. Азидаа томоохонд тооцогддог Токиогийн хөрөнгийн биржийн баасан гаргийн арилжаа сүүлийн 20 жилийн хугацаанд болж байгаагүй уналттайгаар эхэлсэн байна.
Орон нутгийн цагаар 10 цаг 10 минутад тус улсын 225 тэргүүлэгч компанийн хувьцааны ханшийн хэлбэлзлийг харуулдаг "Nikkei” гол индекс 9.15 хувиар буурч 16.861.42 нэгж болжээ. "Nikkei” индекс сүүлийн гурван жил дөрвөн сарын хугацаанд анх удаа 17 000 нэгжээс доошилж буурсан нь энэ юм. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд уг индекс 6000 гаруй пунктээ алдсан бөгөөд энэ нь коронавирусний тархалттай холбоотойгоор үүссэн болгоомжлолын улмаас дэлхийн санхүүгийн зах зээл унасантай холбоотой байна.
Сүүлийн өдрүүдэд болсон хүчтэй уналтын дараа ам.доллартой харьцах иений ханш бага зэрэг чангарсан байна. Гадаад валютын арилжаа нээгдсэнээс хойш ам.долларын ханш 1.27 хувиар өсөж, нэг ам.доллар 104.95-105.00 иентэй тэнцжээ.
ДЭМБ-аас COVID-19 халдварыг цар тахлын хэмжээнд хүрсэн гэж мэдэгдсэний дараа пүрэв гарагт дэлхийн зах зээлд хүчтэй савалгаа үүссэн байна. Тухайлбал, Москвагийн биржийн индекс 8.28 хувиар уруудаж, 2286.4 нэгж болсон бол РТС гол индекс 11.03 хувиар унаж, 966.4 нэгжид хүрчээ. Рублийн ам.доллар болон евротой харьцах ханш дахин унасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европтой зорчих хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр гаргасны дараа, мөн Европын Төв банк бодлогын хүүгээ тэглэж, эдийн засгаа дэмжих арга хэмжээ авахаа мэдэгдсэний дараа АНУ, Европт ч бас хар өдөр тохиож хөрөнгийн зах зээл огцом унажээ.