- Харин сүүлийн 30 орчим жилийн хугацаанд байгаагүй их хэмжээгээр газрын тосны зах зээл хямарч эхэлсэн нь АНУ-ын газрын тос нийлүүлэгчдэд хүндхэн цохилт болно гэж ажиглагчид үзэж байна
ОХУ, Саудын Араб дөрөвдүгээр сараас газрын тосны гарцаа нэмэгдүүлэхээр болсны дараа даваа гарагт Ази, Европын голлох индексүүд бүгд унасан байна. Харин АНУ-ын арилжаагаар Dow Jones индекс 7.8 хувь, S&P 500 индекс 7.6 хувиар буурчээ. Энэ нь 2008 оноос хойш нэг өдрийн дотор хамгийн огцом унасан тохиолдол болж байна. Dow Jones индекс 2013 нэгжээр унасан нь сүүлийн 30 өдрийн дунджаас ч доогуур тооцогдож байгаа юм. Харин мягмар гарагийн Азийн арилжаагаар бага зэрэг сэргэж эхэлсэн байна. Америкийн фьючерсүүд бүгд өсжээ. S&P 500 фьючерс 30 нэгжээр дээшилсэн байна. Мөн Азийн зах зээл дээр бага зэрэг сэргэжээ. АНУ-ын тухайд сүүлийн саруудад импортоосоо давсан хэмжээний газрын тос экспортолж эхэлсэн байна. Улмаар үүгээр эрчим хүчний салбар дахь бие даасан байдлаа хангахаар эрмэлзэх болжээ. Харин сүүлийн 30 орчим жилийн хугацаанд байгаагүй их хэмжээгээр газрын тосны зах зээл хямарч эхэлсэн нь АНУ-ын газрын тос нийлүүлэгчдэд хүндхэн цохилт болно гэж ажиглагчид үзэж байна. Exxon Mobile-ийн хувьцаа 11 жилд байгаагүй огцом буурч, Chevron, Occidental Petroleum-ийн хувьцаа хоёр оронтой тоогоор унажээ. Үүнээс гадна Саудын Араб, ОХУ харилцант тохиролцоонд хүрээгүй учир ирэх дөрөвдүгээр сараас эхэлж нийлүүлэлтээ нэмэхээр төлөвлөж байна. ОХУ-ын 150 тэрбум ам.долларын Баялгийн сангаараа дамжуулан рублийн ханшаа тогтворжуулахаар зорьж байгаа аж. Даваа гарагт Азийн арилжаагаар газрын тосны ханш 31 хувиар буурахтай зэрэгцээд рублийн ханш ам.долларын эсрэг найман хувиар унасан байна. Энэ нь 2016 оны эхэн үеэс хойших хамгийн их суларсан үзүүлэлт боллоо. Мягмар гарагийн байдлаар нэг ам.доллар 74.5892 рубльтэй тэнцэж байна. Энэ нь 2014 оны 12 дугаар сарын валютын хямралаас хойших хамгийн том уналт болж байгаа юм. Монголбанкны албан ханшаар монгол төгрөгийн эсрэг 10 хувиар унаж, 36 төгрөг болжээ. ОХУ-ын хувьд ирэх 6-10 жилд газрын тосны ханш баррель тутамдаа 25-30 ам.долларын хооронд байхад алдагдсан орлогоо нөхөхүйц боломжтой гэж ОХУ-ын Сангийн сайд мэдэгдсэн байна. Үнийн дайн үргэлжилбэл брент төрлийн газрын тосны ханш 20 ам.доллар руу унана гэж "Goldman Sachs” таамаглаж байгаа аж. ОХУ-ын Төв банк 30 өдрийн хугацаанд рубль худалдаж гадаад валютын авахыг хязгаарлах гэх мэт арга хэмжээ авч байна. Цаашид нэмэлт арга хэмжээ авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Газрын тосны эрэлт буурч ханш буураад байсан бол одоо ийнхүү нийлүүлэлтийн илүүдлээс үүдэлтэйгээр нэмж уналаа. Шинэ төрлийн "коронавирус”-ийн нөлөөгөөр газрын тосны өдрийн хэрэглээ энэ жил 90 мянган баррелиар буурна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг таамаглаад байсан юм.
Засгийн газрын мэдээ сонин