Лондоны "ICE” бирж дээр ирэх 5 дугаар сард нийлүүлэх "Brent” маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 33.4 хувиар буурч, нэг торх нь 33.94 ам.долларт хүрчээ.
Хамгийн сүүлд 2016 оны 2 дугаар сард энэ төрлийн газрын тосны үнэ 34 ам.доллароос доошилж, буурч байжээ. "WTI” маркийн газрын тосны 4 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 27.1 хувиар буурч, нэг торх нь 32.48 ам.долларт хүрсэн байна.
Коронавирусний улмаас эрэлт буурч байгаатай холбоотойгоор "ОПЕК+" буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 орон нефть олборлолтынхоо хэмжээг бууруулах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байна. Энэ талаарх мэдээлэлтэй холбоотойгоор газрын тосны үнэ буурч байгаа аж.
Өмнө нь ОПЕК 2020 оны эцэс хүртэл газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 1.5 сая торхоор бууруулахыг санал болгожээ. Гэсэн хэдий ч энэ саналыг ОХУ болон Казахстан эсэргүүцсэн байна.