Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас үүдэлтэй хямралын үед БНХАУ-д газрын тосны эрэлт өдөрт 3 сая баррель буюу нийт хэрэгцээ 20 хувиар буурчээ.
Энэ нь 2008-2009 оны хямралаас хойшхи дэлхийн зах зээл дээрх эрэлтийн хэмжээ хамгийн ихээр буурсан үзүүлэлт бөгөөд АНУ-д 2001 оны 9 дүгээр сарын 11-нд болсон террорист халдлагаас хойшхи хамгийн гэнэтийн уналт болохыг "Bloomberg” агентлаг тэмдэглэжээ. Одоогоор БНХАУ газрын тосны хамгийн том импортлогч бөгөөд өдөрт 14 сая орчим баррель газрын тос хэрэглэдэг нь Франц, Герман, Итали, Испани, Их Британи, Япон, БНСУ-ын нийт хэрэгцээтэй тэнцэж байгаа юм.
БНХАУ-д газрын тосны эрэлт буурах нь ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүн улсууд хийгээд тэдний холбоотнуудыг хариу арга хэмжээ авахад хүргэж болзошгүйд хүрээд байна.
Энэхүү хямралд зах зээл нөлөөлж эхлэх үед буюу 1 дүгээр сарын 20-ноос Brent маркийн газрын тосны үнэ 10 гаруй хувиар унасан байна. Өнгөрсөн долоо хоногт Латин Америкийн орнуудаас БНХАУ-д хийдэг газрын тосны нийлүүлэлтийг зогсоосон бол Баруун Африкийн орнуудаас хийдэг нийлүүлэлт буурсан байна. Түүнчлэн БНХАУ-ын үйлдвэрүүдэд газрын тос боловсруулалтын хэмжээ ч ойрын хугацаанд 15-20 хувиар буурч магадгүй байна.