Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр нэмэгдээд байна. Уг өсөлттэй холбоотой Ашигт малтмал газрын тосны газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гаднаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын "Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж байна. Мөн шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун авахдаа ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг тул ам. долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн хэдэн өдрүүдэд чангарч 2568 төгрөгтэй тэнцсэн нь шатахууны үнэд нөлөөллөө. Гаднаас импортолсон шатахууны 60 хувийг уул уурхай ашигт малтмалын салбарт үлдсэнийг нь иргэд авдаг.
Тэгэхээр шатахууны үнийг зах зээл дээр байгаа хэлбэрээр иргэдийн шатахууны хэрэглээний үнийг барьж ажиллахад анхаарна. Манай яамнаас газрын тосны нөөц, хангамж, чанарын асуудлыг хариуцаж ажилладаг болохоос үнэ тогтоож шийдвэрлэхэд оролцох боломжгүй.Гагцхүү зөвлөмж гаргаж зөвлөмжийг холбогдох харьяа газрууд, Засгийн газарт хүргүүлж саналаа оруулдаг. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах зөвлөл ажиллаж байгаа. Уг зөвлөлийн зорилго нь газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулахад чиглэдэг. Зөвлөл энэ оны 6 дугаар сард хуралдан онцгой албан татвар дээр тодорхой хэмжээнд бууруулах чиглэл гарган саналаа Сангийн яаманд хүргүүлсэн. Цаашид бид нөөцийг бүрдүүлэх, агуулахын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ.
Дэлхийн зах зээл дээр АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрчээ. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын "Роснефть” компани шатахууны үнэ энэ сард бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сараас тонн тутамдаа 45-85 ам. доллараар нэмэгдсэн байна. АИ-92 автобензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй байгаа аж.
Дашрамд дурдахад, аравдугаар сарын 2-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А80 автобензин 98, АИ92 бензин 34, дизель түлш 33, ТС1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.
О.Мөнхжаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг