Энэ сарын 7-ны өдөр Их дэлгүүрийн дээд давхраас гал гарч, улмаар 4, 5, 6-р давхрыг хамарсан их хэмжээний хохирол учраад байна. Гал их хэмжээний талбайг хамарч, барилгын үндсэн суурь бүтцэд өөрчлөлт орж, багана хана нурсан, бараа бүтээгдэхүүн хөө тортог болсон зэргээс шалтгаалж дэлгүүрийн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа. Өчигдөр цагдаагийн хамгаалалтын дор түрээслэгч, ажилчдад бараа бүтээгдэхүүн, эд зүйлсийг нь хүлээлгэн өгсөн.
Их дэлгүүрийн 130 тасагт 260 түрээслэгч худалдаа үйлчилгээ эрхэлдэг бөгөөд 1000 гаруй ажиллагсадтай. "Улсын их дэлгүүр” олон нийтийн өмчлөлтэй компани бөгөөд 61 хувийг "Номин холдинг”эзэмшдэг. Тодруулбал хамгийн том хувьцаа эзэмшигч нь ах дүү гурав Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр, Ш.Уламбаяр нар. Ш.Баярсайхан нь УЗ-ийн дарга, Ерөнхийлөгч бол Г.Энхбаяр NTG группийг, Ш.Уламбаяр нь NCD группийг тус тус хариуцдаг. Харин үлдсэн 38.81 хувийг 45 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг юм байна.
Улсын их дэлгүүрт гарсан галын улмаас хувьцаа эзэмшигчид төдийгүй 4740 харилцагч, түрээслэгчдийг хохироогоод байна. Харин Номин холдинг группийн зүгээс өнөөдрийг хүртэл ямар ч албан ёсны мэдэгдэл гаргаагүй, түрээслэгчдийнхээ хохирлыг яаж барагдуулах талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа. Мөн Монгол Улсын цөөн хэдэн түүхэн дурсгалт барилгуудын нэг УИД-ийг хуучин хэвээр нь үлдээх үү, сэргээх нэрээр шинэ барилга босгох уу гэдэг асуудлаар томоохон хувьцаа эзэмшигчдийн зүгээс ямар нэг тайлбар, мэдэгдэл хийхгүй байгаа нь хардлага дагуулж байна.
Эх сурвалж: Fact.mn