Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа, орчны аюулгүй байдлын нөхцөлийг газар дээр нь шалган ажиллалаа. Өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын 39, 61 дүгээр сургуулиудад ажиллалаа. 39 дүгээр сургууль нь өнгөрсөн хичээлийн жилд 1769 сурагчдад боловсролын үйл ажиллагаагаа хүргэсэн байна. Сургуулийн барилга олон жилийн насжилттай тул биеийн тамирын танхим хичээллэхэд хүндрэлтэй болсон байна. Дүүргийн Засаг дарга сургуулийн удирдлага, хамт олны саналыг сонсч биеийн тамирын танхимыг засварлах асуудлыг шийдвэрлэх, тус сургуультай залгаа байрлах дүүргийн спорт цогцолборыг түшиглэн сурагчдад спортын гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах талаар судлан танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Үүний дараа ерөнхий боловсролын 61 дүгээр сургуульд очсон бөгөөд тус сургууль 900 гаруй сурагчтай, өнгөрсөн жил сургуулийн өргөтгөлийн барилгаа ашиглалтад хүлээн авчээ. Багш сурагчид хамтран сандал, хогийн сав, дугуйны зогсоол зэрэг гадна орчны тохижилтын ажлыг хийж бүтээж байгаа нь сурагчдын бүтээлч сэтгэлгээ, биеэ даасан байдлыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. Бохирын худгийн асуудалтай бөгөөд Засаг дарга холбогдох арга хэмжээг яаралтай авахаа мэдэгдлээ. Сургууль, цэцэрлэгийн хамт олон та бүхэн санал, санаачилга гарган идэвхтэй оролцож хамтран ажиллахыг хүсэж байна гэлээ.