Ховд аймагт өчигдөр /2020.6.29/ тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн. Тухайн иргэн нь тус аймгийн Цэцэг сумаас ирсэн 27 настай. Биеийнх нь байдал маш хүнд, эмчлүүлж байгаа аж. Түүний нэгдүгээр хавьтал 50 гаруй, хоёрдугаар хавьтал 400 гаруй иргэн бий гэдэг мэдээллийг албаынхан өгч байна. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ. ЭМЯ-аас "Тарваганы эрхтэнийг түүхийгээр нь идснээс болсон. Тухайн иргэн найзууд, гэр бүлийнхэнтэйгээ хамт тарваган тахлын голомт газраас 11-үүлээ гурван тарвага агнан, хүнсэндээ хэрэглэсэн байна. Энэ үйл явдал зургадугаар сарын 22-нд болж, 26-нд эмнэлэгт хандсан. Түргэвчилсэн тестээр хариу нь эерэг гарсан. Дүүгийнх нь бие халуурч байгаа. Ховд аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Цаашид бүхэлд нь хөл хорио тогтоож магадгүй” хэмээн мэдэгдсэн.
Мөн үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга захирамж гарган тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна.