НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагийн мэдээлснээр "Долоодугаар сарын 1-ний байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусын халдварын тохиолдол 10.563.221 бүртгэгдсэн байна. Нас баралт 513.032 бүртгэгдэж, 5 сая гаруй тохиолдол бүрэн эдгэрсэн байна. Монгол Улсын хувьд мөн сүүлийн 24 цагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй ба одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж байгаа бол 2.458 хүн тусгаарлалтад байгаа аж.
Нийслэлийн Онцгой комиссын даргын 02 дугаар тушаалын дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Шуурхай штаб байгуулагдан ажиллаж, 2020 оны 2 дугаар сарын 7-ноос 6 дугаар сарын 30-ныг хүртэл Эрүүл мэндийн газрын албан хаагчид 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийт 4 мянга 021 эмч, эмнэлгийн ажилчин хяналт тандалт хийж, заавар зөвлөгөө өгч ажилласан байна.