Африк тивийн өмнөд хэсэгт орших Ботсвана улсын Окаванго Дельта мужаас сүүлийн хоёр сарын хугацаанд 350 гаруй заан үхсэн байдалтай олдож буй талаар тус улсын амьтан хамгааллын буяны байгууллагын гишүүн, доктор Ниал МакКанн мэдээллээ.
Заануудын яагаад ингэж олноороо үрэгдээд буй шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа ба шалтгааныг нь тайлахаар шинжээчид дээж авч лабораторид шинжилгээ хийн ажиллаж байна гэжээ.
Анх энэ тухай байгаль хамгааллын албаныхан 5-р сарын эхээр тус газар нутаг дээгүүр шалганы нислэг үйлдэж байхдаа мэдсэн бөгөөд засгийн газарт анхааралдаа авахыг хүссэн мэдэгдэл хүргүүлсэн байна.
Энэхүү гурван цагийн нислэгийн үр дүнд 169 орчим зааны цогцосыг олж бүртгэсэн ба үнэхээр итгэмээргүй тоо гарсанд мэргэжилтнүүд балмагдаж байжээ.
Үүнээс нэг сарын дараа ахин тооллого явуулахад энэ тоо 350-д хүрсэн тул онц ноцтой асуудал үүсэж байна хэмээх дүгнэлтэд хүрсэн байна.
Шинжээчдийн хэлснээр, "Энэ бол ган гачигтай болон ан агнууртай холбоогүй зүйл ба анх удаагаа ийм их хэмжээгээр үрэгдэж буй аюултай тулгарч байна” хэмээжээ. Мөн тэдний таамаглалаар заануудын дунд ямар нэг мэдрэлийн системийг гэмтээн үхэлд хүргэдэг өвчлөл тархсан байх магадлалтай аж. Хэдийгээр мэргэжилтнүүдийн таамаг төдий зүйл ч гэлээ энэхүү өвчин нь хүнд халдварлавал ямар хэмжээний хор уршиг тархийг мэдэхгүй байна гэв.