Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.07.06/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлнэ. Өмнө нь Ерөнхий сайд асан С.Баяраас бусад шүүгдэгч болох С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын гурван нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг хойшлуулсан. Өнөөдөр тэдний гэм бурууг дэнслэхээс гадна гурван шүүгдэгчийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг мөн дээрх шүүхэд товлоод байна.
Тэднээс гадна УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр гуравдахь өдрөө тус шүүхийн байранд болно.
Эх сурвалж: Erennews.mn