Баярын өдрүүдэд усархаг бороо их хэмжээгээр орсны улмаас зарим аймгийн гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан. Одоогоор Увс аймагт гурван гүүр нурсан учраас тус аймгаас хойд сумд руу чиглэсэн зам хаасан хэвээр байгаа аж. Мөн Баян-Өлгий аймгийн төвөөс 82 км-т орших Бураат голын гүүр өчигдөр эвдэрсэн тул дөрөв хоногийн хугацаатай түр зам хаажээ. Тухайн зам нь ОХУ-руу явах хилийн боомтын зам юм. Бусад аймагт хаасан зам байхгүй, замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Түүнчлэн Цагаан давааны замыг нээж, автомашиныг цөөн тоогоор нэвтрүүлж эхэлжээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд шатахуун ачиж явсан машин осолдож их хэмжээний шатахуун асгарч, түймэр гарч, хоёр хүний амь эрсдэж, 16 хүн түлэгдсэн үйл явдалтай холбоотойгоор Архангай аймгаас Завхан явах чиглэлийн замыг түр хаагаад байсан юм.