Тус тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал тэмцээний эхнээс тэргүүлж эхэлсэн бөгөөд тав дахь өдрийн байдлаар Б.Буджаргал 614 км гүйж хошуучилсаар байна.
Арын тамирчнаасаа 100 км тасарсан хэвээр.
Сүүлийн өдрийн гүйлтээр түүний хөлийн хуруу, ул нь ихээр цэврүүтсэн байсан боловч эмчилгээ хийж, биеийн байдал дээрджээ. Арынх нь тамирчин 100 км-ээр хоцорч байна гэхээр манай тамирчин түрүүлэх нь бараг ойлгомжтой болсон. Гэхдээ Б.Буджаргалын хувьд энэ тэмцээнд алтан медаль авахаас гадна өөр нэгэн том зорилго байгаа юм. Энэ бол зургаан өдөр, шөнийн гүйлтийн тэмцээнд хамгийн хол зам туулж, дээд амжилтыг шинээр тогтоох. Одоогоор 6 өдөр, 6 шөнийн хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг 1035 км гэсэн амжилтаар "Гүйлтийн Бурхан” хочит Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос эзэмшиж байгаа. Харин Б.Буджаргалын хувийн амжилт 834 км.
Хэт холын зайн гүйлтийн төрөлд сүүлийн 36 цаг маш чухал байдаг. Энд тамирчид ядарч, цуцсан байдаг тул хэн тэвчээртэй, тэсвэртэй нь түрүүлдэг билээ.
Энэхүү шийдвэрлэх үеийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Буджаргалтай утсаар холбогдож, амжилт хүсэн ерөөлөө.
Ерөнхийлөгч тамирчиндаа амжилт хүсэхээс гадна биеийн байдал нь хэр байгааг асууж сонирхсон бол Б.Буджаргал уралдааны талаар мэдээлж, заавал түрүүлнэ гэж амлалаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга "За сайн байна уу? Хоёулаа Монголд 10 км-ын кросст хамт гүйж байсан. Адилхан спортын хүний хувьд биеийн байдал хэр байгааг тань асуух гэж холбогдож байна. Биеэ сайн бодоорой. Амрах үедээ сайн амарч байгаарай. Та туршлагатай хүн өөрөө сайн мэдэж байгаа. Дараа дараагийн тэмцээнд тань хамтран ажиллах болно. Би бүх талаар дэмжлэг үзүүлэх болно. Монголчууд танаар их бахархаж байна. Би сайн мэдээ хүлээгээд сууж байна. Амжилт хүсье” гэж сэтгэлийн дэм өгсөн юм.
Харин Б.Буджаргал "Биеийн байдал сайн байгаа. Таныг утсаар ярьсанд маш их баярлалаа. Энд монгол хүн ялж байна, монголчууд маань эх нутагтаа ковидийг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.