Нийслэлийн хэмжээнд 11 дүгээр сарын 30-ны байдлаар, амбулаторийн 42.595 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1287 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 4.0 хувиар тус, тус буурсан үзүүлэлттэй байна.
Нийт өвчлөгсдийн 43.1 хувийг 0-1 нас, 21.0 хувийг 2-4 нас, 8.9 хувийг 5-9 нас, 3.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 597 дуудлага ирснээс 40.2 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Мөн 12 дугаар сарын 01-ний өдөр буюу өнөөдрийн байдлаар, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1123 орон дээр 355 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 43 буюу 20.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 86.0 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 14 буюу 19.7 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР