Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, бичиг, уран зохиолын хичээл зааж буй мэргэжлийн 1000 багшийг хамруулсан "Оюун билгийн соёрхол-Монгол хэл бичиг” цахим сургалт өнөөдөр эхэллээ.
Нийслэлийн Боловсролын газар, Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбооноос зохион байгуулж буй 1000 багшийн цахим сургалт 2020 оны 12 дугаар сарын 28, 2021 оны нэгдүгээр сарын 4, 11, 14-ний өдрүүдэд тус тус үргэлжлэх юм.
Эхний өдрийн сургалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн оролцож, хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар 2020 оны 96 дугаар тогтоолоор "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ыг баталсан. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар монгол хэлний хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 2020 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдын шийдвэрээр "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, "Монгол хэлний талаар баримтлах сургалтын бодлого”-ыг тус тус баталсан. Манай яамнаас аль нэг хичээлийн чиглэлээр тухайлсан бодлого баталдаггүй хэдий ч Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх, даяаршиж буй энэ цаг үед эх хэлээ хамгаалах, хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад онцгойлон анхаарч, монгол хэлний сургалтын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталж, хэрэгжүүлж байна. Энэ бол монгол хэл, бичгийн багш та бүхэндээ салбарын зүгээс өндөр их итгэл найдвар хүлээлгэж байгаагийн илрэл юм. Эдгээр хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд та бүхний маань мэдлэг, чадвар, туршлага, хувь нэмэр, чухал үүрэгтэй гэлээ.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Монгол хэл, бичгийн сургалтын бодлого, эрх зүйн орчин” сэдвээр, ШУТИС-ийн багш Ж.Мягмардорж "Технологийн дэвшил боловсролын салбарт Classroom /Powtoon/ платформыг сургалтад ашиглах нь”, доктор Б.Сонинцэцэг "Зөөлөн ур чадвар” сэдвээр сургалт хийж, багш нар хэлэлцэж байна.