Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нэгдсэн Үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Залуучуудын Youth: CO Lab төсөл, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран "Идэвхэжсэн 2030: Монгол Энтерпрайзинг эрэл” онлайн вебинарыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Уг вебинар 200 гаруй оролцогчтойгоор бүтэн дөрвөн цагийн хөтөлбөртэйгөөр үргэлжилсэн юм.
Онлайн уулзалтыг Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Нашида Саттар нээж үг хэлэв. Тэрбээр "Хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан эзэлдэг Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх явцыг хурдасгах, хөгжлийн сорилтуудыг даван туулахад залуучуудын энтерпрайзинг ур чадварыг дэмжих нь нэн чухал” хэмээн онцолсон. Энтерпрайзинг гэдэг нь зөвхөн бизнесийн бус өөрт төрсөн бүхий л санааг бодитоор хэрэгжүүлэх чадварыг хэлдэг. Өөрөөр хэлбэл санаагаа төсөл болгон эхлүүлэх, төгсгөх дадалтай манлайлагч залуусыг бэлтгэх ойлголт мөн.
Энэ удаагийн онлайн уулзалтаар дотоод болон гадаадын старт-ап компаниуд илтгэгчээр оролцож ирээдүйн бизнесийн чиг хандлага, энтрепренер хүний хөгжүүлэх ур чадварууд, боломжийг олж харж бизнес болгон хэрэгжүүлэх, Ковид-19-ийн өмнө ба дараах бизнесийн боломжууд зэрэг чухал сэдвээр хэлэлцүүлэг, ярилцлагыг өрнүүллээ.
"Идэвхэжсэн 2030” төслийн зөвлөх Т.Пүрэвхатан "COVID-ийн дараа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн, дасан зохицох чадвартай нийгмийн энтерпрайзинг бизнес цэцэглэнэ” хэмээн өөрийн илтгэлдээ онцолсон юм. Шинэ гарааны бизнесийн санаачилгуудыг дэмжих, нийслэл болон орон нутгийн инновацын төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь тус төслийн хүрээнд хэрэгжих гол ажил юм. Ирээдүйн бизнесийн чиг хандлага, бизнес эрхлэх энтерпрайзинг сэтгэлгээг тэлэх, ур чадварыг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх боломжийг бодит болгох гэсэн 21 аймгийн өнцөг булан бүрээс оролцогчид хөтөлбөрт хамрагдан Идэвхэжсэн 2030 – тай ирээдүйг хамтдаа бүтээх уриатайгаар уулзалтаа дуусгалаа.
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар