Гачууртын уулзвараас Налайхын уулзвар хүртэлх 20.9 км шинэ тавьсан автозамын зорчих хөдөлгөөнийг даваа гарагт нээнэ.
Тус чиглэлийн автозамыг шинэчлэх ажил дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 29 буюу нийслэлийн 380 жилийн ойн өдөр нээх төлөвлөгөөтэй байсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозамын ажлын явцыг холбогдох албаныхнаас сонссоны дараа тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг тавьж жолооч зорчигчдын аюулгүй байдлыг хангасны дараа замыг нээхийг үүрэгдсэн. Ингээд автозамыг нээх хугацааг долоо хоногоор сунгаж ирэх даваа гараг буюу 11 дүгээр сарын 4-нд товлосон байна.
Налайхын 20.9 км авто замын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусчээ. Энэ жилдээ автозамыг нээж ирэх жилээс явган болон дугуйн зам зэрэг бусад тоноглолийн ажлыг гүйцэтгэх бөгөөд нэмж асфальтаар хучих юм байна.