Манай эрчүүдийн энэ нэг "гүндүүгүй монгол” зан олон буруугийн эхлэл болдог талтай шүү. Монгол Улсын дотоодод коронавирусийн халдвар тархаж, түүнийг хумих гэж хаа хаанаа чадлаараа хичээж байхад Цагаанхадан дахь хэдэн жолооч нар эгэл, энгийн өдрүүдийнх шиг хээгүй, гүдэс зангаараа өнөө муу вирусийг үл тоох хандлага гаргаж байгаа сурагтай. Уг нь энэ хэцүү цагт тэдний тэвшинд "төрийн” түрийвч явж байгаа сан.
Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Гашуунсухайт хилийн боомтод өнөөдрийн байдлаар уртын тээвэрт 5367, богины тээвэрт 3347 жолооч, нийт 8000 гаруй жолооч нүүрс тээврийн замд жолоо мушгиж явна. Хил хаасан үед улсаа тэжээж байгаа ганц экспорт нүүрс.
Хэрэв нүүрс тээврийн 8000 жолоочийн нэг нь л коронавирусийн халдвар тусвал түүний ард нүүрсний ордын ажилчдын хоолыг хийдэг тогооч, аюулгүй байдлын харуул хамгаалалт гээд дундаж давхрагаас эхлээд олон хүний амьдрал "тэг зогсоно”.
Жолоочид хаа нэг зуу, хоёр зуу татчихаад олноор бөөгнөрч, онгиргон дэвэргэн үйлдэл гаргаж байгаа нь сонсогдож л байна.
Хэт назгайрал л коронавирус шургах шалтгаан болчихоод байгааг бид харж байгаа. Уул уурхайн ажилчид болон жолооч нар олон хоног амраад ажилдаа очдог.
Хэрэв хэн нэгэн нь амралтаа дуусгаад очихдоо өөрөө ч мэдэлгүй вирус тээгээд очвол тэнд байгаа 8000 гаруй жолооч, уурхайчид хэн нь ч л гэсэн цалин болон олон хоногийн халдвар хамгааллын дэглэмээс өгсүүлээд яах ч аргагүй нөхцөл байдалтай нүүр тулна.
Бүр цаашлаад улсаа тэжээх нүүрсийг минь урд хөрш "вирус”-тэй гээд голоод авахгүйд хүрвэл бид бүгдээрээ, Монголоороо маш хүнд байдалд орно.
Энэ мэт эрсдэлийг тооцоолж Цагаанхаданд явж байгаа нүүрс тээврийн жолооч нарыг нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна аа, Өмнөговь аймгийн удирдлагууд, аймгийн онцгой комиссынхоон. Цаашлаад УОК ч үүнийг анхааралдаа авах хэрэгтэй байна.
Жолооч нарыг ч тусгаарлах, нэгдсэн системд оруулан халдвар хамгааллын дэглэмийг нь чанд мөрдүүлэх хэрэгтэй. Ковидын шинжилгээнд зохион байгууллалттайгаар хамруулах ч шаардлагатай.
Уг нь жолооч нар болон уурхайн ажилчдын ажил, амралтыг нэгдсэн журмаар, ростероор нь зохион байгуулвал их цэгцтэй, дэг журамтай, тэдэнд ч хэрэгтэй. Бас урт, богины ростерт явж байгаа нүүрс тээврийн жолооч нарыг холбогдох байгууллагуудын дүрэм журмаар тусгаарлалтад оруулчих юм бол тэднийг нэгдсэн зохион байгуулалттайгаар автобусаар зөөгөөд байх боломж нөхцөл нь байгаа юм байна.
"Нохойн дуу холуур өнгөрлөө. Бид Улаанбаатараас, Сэлэнгэ, Дарханаас хол байна” хэмээн санаж сэтгэл тайвширч боломгүй байна. Халдварын голомтод бүсээс үл шалтгаалан халдвар, хамгааллын дэглэмийг ягштал сахих хэрэгтэй байгаа шүү жолооч нараа.