САЛБАРЫНХАА ҮЕ ҮЕИЙН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Уулзалтад Боловсролын сайд Н.Уртнасан, Шинжлэх ухаан, Боловсролын сайд С.Төмөр-Очир, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, А.Баттөр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, П.Цагаан Ө.Энхтүвшин, Н.Болормаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нар хүрэлцэн ирлээ.
Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ой тохиож байгаа энэ үед томилогдон ажиллаж байгаадаа би өөрийгөө азтай сайд гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт 38 сайд ажиллаж, сүүлийн 20 жилд 18 сайд томилогдон ажилласан байна. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан гурван сайд байдаг. Энэ бол сайд нарын буруу биш. Харин үүнийг Монгол Улсын бодлого, сонгуулийн тогтолцоо, нийгмийн гажиг гэж харж байгаа.
Уламжлалгүйгээр шинэчлэл гэж байдаггүй. Тиймээс өнөөдөр сайд нарынхаа саналыг сонсъё гэж зорьсон. Би ажлаа аваад хэд хэдэн зүйлийг олж харсан. Өнөөдөр боловсрол, шинжлэх ухааны салбарт 101.390 хүн ажилладаг. Энэ бол нийт төрийн албан хаагчийн 40 гаруй хувь юм. Иймд төрийн албаны шинэчлэлийг манай салбараас эхэлж болохоор байна.
Мөн боловсролын салбарт 1,7 их наяд төгрөгийн санхүүжилт хийгддэг. Үүнийгээ багш, хүүхдүүддээ зориулъя. Ерөнхий боловсролын сургуульд олгодог санхүүжилтээс болж ялгаа үүсч эхэлсэн. Төр өөрөө ялгааг бий болгож болохгүй. Шинжлэх ухааны салбар, их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн хамтран ажиллах сэтгэлгээ хангалтгүй байна. Боловсролын тогтолцоо ийм байхад бид санхүүжилтийг нэмсэн ч бодит байдал өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ бүгдийг эхэлж шинэчилнэ хэмээн нүүр номын хуудснаа тэмдэглэжээ.