Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд:
"Монголын бахархал болсон эхчүүд, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе.
Энэ өдрийг тэмдэглэх уламжлалт хандлага, агуулга нь монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, эмэгтэйчүүдийн эрх зэрэг асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэгш байдал, шийдвэр гаргалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар саналаа дэвшүүлж, эрх баригчдаас шаардах байдаг.
Өнөөдөр цар тахлын хямралт нөхцөл, эдийн засгийн доройтол, өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогын хомсдол уналтаас хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болж байна. Ажлын байраа алдаж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд болжээ. Ажиллаж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа их, эмэгтэйчүүд даруй 1.35 дахин бага цалин авч байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах нь өрхийн орлого, үр хүүхдийн сайн сайханд төдийгүй нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой юм. Тийм учраас төр засгийн зүгээс чадах, хүчрэх хэмжээгээрээ цар тахлын нөхөн олговрыг олгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг ажилтай болгохоор хичээх ёстой.
Эмэгтэйчүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурийг олон улстай харьцуулбал шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн улс орнуудаас 107 дугаар байрт эрэмбэлэгджээ. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төрийн алба, удирдах түвшинд ажиллах боломж хангалтай биш байна. Хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдээ эрх тэгш, аз жаргалтай, ажилтай орлоготой хангалуун амьдрах нөхцөлийг хангах нь Монголын төрийн эрхэм үүрэг юм. Эмэгтэйчүүдэд эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэх, оролцоог нь нийгмийн бүх шатанд хангахад Монголын улс төр, төрийн үйл ажиллагаа чиглэгдэх ёстой. Үүний тулд төрийн бүх шатанд хяналт, тэнцвэр, иргэдийн оролцоо чухлаар шаардагдаж байгааг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шаардаж, нэхэж сануулах нь зүйтэй гэж бодож байна.
Та бүхэнд баярын мэндийг дахин уламжлая.
Мөнх тэнгэрийн дор монгол бүсгүйчүүд эрх тэгш, итгэл дүүрэн, тэнүүн жаргалтай байх болтугай” гэжээ