"Монголын Хөрөнгийн зах зээлд байгаль орчин, нийгэм, засаглалын тайлагналын стандартыг нэвтрүүлэх нь” сэдэвт цахим вебинар өнөөдөр боллоо.
Цахил үйл ажиллагаа нь Монголын Хөрөнгийн бирж, СЗХ, Монголын Тогтвортой Санхүүгийн холбоо (ТоС Холбоо), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Тогтвортой байдлын санхүүгийн төвүүдийн сүлжээ (FC4S) болон ОУСК, НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Монголын тогтвортой хөрөнгийн биржийн санаачилга” төслийн хүрээнд болов.
Вебинарт Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, үнэт цаас гаргахаар төлөвлөж буй байгууллагууд, үнэт цаасны компаниуд, бодлого боловсруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд, ТББ-ууд болон олон нийтийн төлөөллөөс бүрдсэн нийт 200 орчим төлөөлөл оролцож, байгаль орчин, нийгэм, засаглалын тайлагналын ач холбогдол, олон улсын чиг хандлага, сайн жишээ, Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх стандартын талаар мэдээлэл авлаа.
Хөрөнгийн зах зээлд засаглалын ил тод байдал, тайлагналын стандартыг нэвтрүүлнэ.
Энэ үеэр СЗХ-ны дэд дарга Н.Хүдэрчулуун "СЗХ тогтвортой санхүүжилтийг анхнаас нь дэмжиж ирсэн бөгөөд цаашид бодлого тодорхойлогчийн хувьд тогтвортой, ногоон санхүүжилтийг дэмжих, тэр дундаа үнэт цаас гаргагчдын байгаль орчин, нийгэм, засаглалын ил тод байдал, тайлагналыг сайжруулах, үүнийг дэмжсэн бодлого, зохицуулалтыг гаргахад хамтран ажиллах тал дээр онцгой анхаарч ажиллана” гэдгийг онцлов.
Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай "Монголын Хөрөнгийн бирж нь НҮБ-ын дэргэдэх Тогтвортой хөгжилд чиглэсэн хөрөнгийн биржүүдийн холбоонд 2017 онд элссэн"-ийг тодотгоод, түүнээ хойш хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих зорилго тавин ажиллаж байгааг тэмдэглэлээ. Дээрх зорилгын хүрээнд тогтвортой байдалд чиглэсэн тайлагналын стандартыг нэвтрүүлж, зах зээлийн зохицуулагч байгууллагын хувьд үнэт цаас гаргагчид, гишүүн компаниуд болон нийт зах зээлийн оролцогчдыг уриалан, тогтвортой хөгжлийг дэмжсэн зах зээлийг бий болгохын төлөө ажиллана гэдгийг цохон хэлэв.
Вебинарын үеэр "Тогтвортой хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга Норихико Като нар гарын үсэг зурлаа.
Уг хамтын ажиллагааны хүрээнд талууд тогтвортой, ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр үнэт цаас гаргагч компаниудад зориулсан ил тод байдал, тайлагналын журам, стандарт, гарын авлагыг боловсруулахаас гадна, холбогдох талуудын чадавхийг бэхжүүлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах юм.
"Монгол Улсын банкууд хамтран 2013 оноос хойш Тогтвортой санхүүжилт (ТоС), ногоон зээлийн зарчмыг боловсруулан, амжилттай хэрэгжүүлж байна. Гэвч цаашид Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд санхүүгийн зах зээлийг бүхэлд нь тогтвортой санхүүжилтэд чиглүүлэх шаардлагатай байгаа тул МХБ, СЗХ болон олон улсын түншүүдтэй энэ зорилтын хүрээнд хамтран ажиллахдаа таатай байна” гэдгийг ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга Норихико Като онцоллоо.