Токиогийн олимпын наадмын хөнгөн атлетикийн спортын марафоны төрөлд хурд, тэсвэр тэвчээрээ сорих Монголын марафончид Токио хотоос тэмцээн болох Саппоро хотыг өнөөдөр зорилоо.
Өчигдөр /2021.08.04/ Токиод очоод байсан марафонч ОУХМ Ц.Бямбажав /эрэгтэй/, Б.Мөнхзаяа /эмэгтэй/ нар дасгалжуулагч Б.Доржпаламын хамт марафон гүйлтийн уралдаан болох тус хотод бэлтгэлээ базаах юм. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд аль эрт очоод бэлтгэлээ базааж байгаа юм.
Олимпийн наадмын сүүлчийн өдрүүдэд манай марафончид хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин уралдана. Тухайлбал, 8 дугаар сарын 7-нд Б.Мөнхзаяа, 8-нд Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар олимпын марафонд хурдаа сорино.
Холын зайд уралдах тамирчдыг эрсдэлээс хамгаалахын тулд хойд нутгийн сэрүүн уур амьсгалтай Саппоро хотод марафоны уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Харин энэ жил тус хотод урьд урьдынхаас илүү халуун байгаа юм байна. Өнөөдөр Саппоро хотод 33 хэмийн халуун байгаа бөгөөд 8-ны өдөр агаарын температур бага зэрэг буурч, 30 орчим хэмийн халуун байх төлөвтэй.