Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцууллаа.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглаж буй 12 төрлийн эмнэлзүйн программ хангамжийн өгөгдөл солилцох хөгжүүлэлтийн ажил дуусаж, эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтээ цахимаар нэхэмжлэх боломжтой болжээ. E-Mongolia системд Эмнэлгийн магадлагааг нэмж оруулжээ. Эмнэлгийн хуудас болон эмч, эмнэлгээс иргэдэд олгодог бусад дөрвөн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг оруулахаар бэлтгэж байна.
Засгийн газрын хуралдааны товч мэдээ
· Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ашиглалтын өмнөх захиргааг ирэх сард байгуулна
· "Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталлаа.
· Түрээсийн орон сууц хөтөлбөртэй холбоотой түрээслэгч иргэдээс тавьж байгаа шаардлагын талаар Барилга, хот байгуулалтын сайд танилцуулга хийв. Үүсээд байгаа өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайдад даалгалаа.
· Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлдбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтын дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд халамжаас хөдөлмөрт чиглүүлэх бодлогыг тусган, 2021 оны аравдугаар сард багтаан зохих журмын дагуу Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгав.
· УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нарын санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.