Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын эхний шатны ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэ нь АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм. Харин хоёрдугаар шатны ажлыг Европын Сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банк (ЕСБХБ)-ны хөрөнгөөр тавьж байгаа юм. Тус чиглэлийн автозамыг 4 эгнээ болгох ажил хөрөнгө оруулалт нь бүрэн шийдэгдсэн тул барилгын ажлын төлөвлөгөөгөөр ирэх оны 10 дугаар сард дуусган хүлээлгэн өгөхөөр төлөвлөн, мөн 5 багцын хүрээнд ажлаа эхлүүлээд байгааг ЗТХЯ-ны Автозамын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа хэлж байна.
Нэгдүгээр шатанд АХБ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явц өнөөдрийн байдлаар 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ эрчээр үргэлжилэн ажиллавал энэ оны 10 дугаар сард 200 орчим км замын ажил дуусаж зорчих хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж буйг ЗТХЯ-наас мэдээллээ. Өнгөрсөн 7 дугаар сарын 15-нд 113 км замын хөдөлгөөнийг нээсэн юм. Тэгвэл 9 дүгээр сард тус замын тэмдэг тэмдэглээ, үлдэх заслын ажлыг хийж хүлээлгэн өгснөөр хөдөлгөөнийг цааш нээх аж.