ОХУ-д "Олон улсын цэргийн наадам-2021” энэ сарын 23-нд эхлэх гэж байна. Тус улсын БХЯ-наас жил бүр зохион байгуулдаг уг наадмаар цэргийн мэргэжлийн олон улсын тэмцээнүүд болох юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид наадмын "Танкийн биатлон” тэмцээнд оролцоно. Тэмцээнд оролцох багуудын дунд танкийн өнгө болон оролцох танкуудыг сонгох сугалаа энэ сарын 16-нд болж, манай улсын баг, тамирчид шар өнгийг сугалснаар Вьетнам, Сири, Венесуэл улсын баг, тамирчидтай нэг гараанд уралдахаар болсон талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. Тэмцээний урьдчилсан төлөвлөлтөөр манай баг, тамирчид 23, 26, 29-нд уралдах ба одоогоор тэмцээний бэлтгэл ажлыг ханган өөрсдийн сонгосон танкуудыг тэмцээнд бэлтгэх, зэвсэглэлийг нь тусгалд оруулж байна. Энэ жилийн "Танкийн биатлон” тэмцээнд 19 орны баг, тамирчид оролцохоор бэлтгэлээ хангажээ.
ЗХЖШ-ын Материал, техникийн газрын штабын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдоржийн ахалсан Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид ОХУ-ын Москва хотноо хүрэлцэн очиж, КОВИД-19-ийн эсрэг тусгаарлалтад байгаад энэ сарын 13-нд тэмцээнийг зохион байгуулж явуулах "Алабино” полигоны ойролцоох цэргийн ангид шилжин байрлажээ.