ҮСХ-ноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг энэ оны эхний 7 сарын байдлаар танилцуулав. Мөнгөний нийлүүлэлт 27 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.6 (25 хувиар) их наяд төгрөгөөр өслөө. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг гадаад цэвэр активын өсөлт бүрдүүлж байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 19.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 297 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.1 (12 хувиар) их наяд төгрөгөөр өсжээ.
Өрхийн сарын дундаж орлого энэ оны II улиралд 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өссөн байна. Үүнд Засгийн газраас иргэн бүрд олгосон нэг удаагийн мөнгөн дэмжлэг гол нөлөө үзүүлжээ. Өрхийн мөнгөн орлогын бүтцэд тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2 их наяд төгрөг болж өмнөх оноос 536 (38.9 хувиар) тэрбум төгрөгөөр, сангийн зарлага 1.9 их наяд болж 389 (24.6 хувиар) тэрбум төгрөгөөр тус тус өсуээ. Нийгмийн даатгалын сангаас нийт тэтгэвэр авагчийн тоо өмнөх оноос 16 мянган хүнээр өссөн талаар ҮСХ-ноос мэдээлэв.
Аж үйлдвэрийн салбарт барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үеэс 23 хувиар буурчээ. Харин худалдааны салбарын борлуулалт өмнөх оны мөн үеэс 21.2 хувиар өсжээ. Нийтийн хоолны салбарын орлого өмнө оны мөн үеэс 17 хувиар, зочид буудлын салбарын орлого 18 хувиар тус тус буурсан байна. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өсөхөд уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Уул уурхайн салбарын өсөлт нь нүүрс, төмрийн хүдрийн өсөлтөөс шалтгаалжээ.
ДНБ энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өслөө. Өнгөрсөн онд ДНБ буурч, үүнд уул уурхай, үйлчилгээний салбар голлон нөлөөлж байсан бол 2021 оны өсөлтөд уул уурхай, олборлолтын салбар, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт нөлөөлөв. ДНБ-ий 6.3 хувийн өсөлтийн
- 3.0 нэгжийг бүтээгдэхүүний цэвэр татвар,
- 2.7 нэгж хувийг уул уурхай, олборлолт,
- 1.4 нэгж хувийг үйлчилгээний салбар бүрдүүлжээ.