Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний 11 сард 16 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөг буюу 12.8%-иар өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөг буюу 13.3%-иар үүнээс нүүрс олборлолт 1.4 их наяд төгрөг буюуб 38.1%, бусад ашигт малтмал олборлолт 15.3 тэрбум төгрөг буюу 12.6%-иар тус тус өссөн нь нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс нүүрс, газрын тос, буталмал чулуу, хайлуур жонш, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 7.9-37.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт вакуум цонх, хаалга, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1-86.0 хувиар өссөн байна.
Харин цайрын баяжмал, зэсийн баяжмал, молибдений баяжмал, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт буюу уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2.3-22.9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шар айраг, хиаман төрлийн бүтээгдэхүүн, зүсмэл материал, архи, адууны мах, катодын зэс, малын тэжээл, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.5-34.5 хувиар буурсан байна.