Токиогийн наадмын тамирчдын хотхоныг өнөөдөр буюу Паралимпын наадам эхлэхээс нэг долоо хоногийн өмнө нээлээ. Харин коронавирусний халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдийн улмаас нээлтийн ёслол болон өөр бусад үйл ажиллагааг зохион байгуулаагүй байна.
Паралимпын наадамд 160 улс орон, нутаг дэвсгэрийн 4400 орчим тамирчин оролцох төлөвтэй байгаа ч өнөө өглөөний байдлаар тамирчид хараахан ирээгүй байна.
Паралимпын тамирчдыг тэмцээнээ эхлэхээс долоо хоногийн өмнө ирэхийг зөвшөөрөөд байгаа нь Олимпын тамирчдад олгосон хугацаанаас хоёр хоногоор урт гэсэн үг юм. Мөн тэд тэмцээндээ оролцсоноосоо хойш хоёр хоногийн дотор хотхоныг орхин явах шаардлагатай.
Японы баг тамирчдын хувьд лхагва гаргаас хотхонд байрлаж эхлэх төлөвтэй байна. Паралимпын тэмцээнүүд энэ сарын 25-наас буюу нээлтийн ёслолоосоо нэг хоногийн дараа эхлэх юм.
Зохион байгуулах хорооны төлөөлөгчдийн мэдээлснээр, Паралимпын наадамд оролцох тамирчдын тоо Олимпынхоос 50 гаруй хувиар бага тул тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй тамирчдад орон зай бий болгох үүднээс хоолны газрын ширээ, сандлын тоог цөөрүүлжээ.
Өнгөрсөн ням гарагт протез засах төв болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг хотхонд ажиллуулж эхэлсэн бөгөөд ийм төрлийн үйлчилгээг наадмын үеэр үнэ төлбөргүй үзүүлэх ажээ.