"Өнгө нэм", "Лантуун дохио” ТББ, "Пластик центр” ХХК хамтран "Асуудлаар асуудлыг шийдье” уриатай хаягдал гялгар уут цуглуулах "Зүгээр битгий хая” аяныг нийслэлд зохион байгуулж байна.
Аян бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, олон нийтэд нээлттэй. Аянд нэгдэхдээ Улаанбаатар хотын иргэд томоохон супермаркетуудад байрлуулсан "Зүби” саванд цуглуулсан гялгар уутаа хандивлах юм. Аж ахуйн нэгж, байгууллагууд гялгар уутыг бусад хогноос тусад нь цуглуулан аянд нэгдэх боломжтой. Эдгээр цуглуулсан хаягдал гялгар уутаар нүхэн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэх юм.
Улаанбаатар хотын иргэд жилд ойролцоогоор 44 мянган тонн гялгар уутыг хог болгон хаядаг. Үүний дөрөв хүрэхгүй хувийг дахин боловсруулж, үлдсэн хэсэг нь байгальд хаягддаг. Иймд "Өнгө нэм" ТББ нь гялгар уут дахин боловсруулах "Пластик центр” ХХК болон хүүхэд хамгаалал, хөгжлийн "Лантуун дохио” ТББ-тай хамтран гялгар уут цуглуулах "Зүгээр битгий хая” аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа.
"Аянаар дамжуулан хүүхдэд ээлтэй орчныг бүтээх, олон нийтийг хог хаягдлаа ялган ангилах эерэг дадал хэвшилд нэгтгэх зорилготой”-г өчигдөр УИД-ийн урд талбайд зохион байгуулсан нээлтийн үеэр зохион байгуулагчид онцолсон юм.
БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй "Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл энэ аяныг дэмжин, хамтран ажиллаж байна.