Макро эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.3 хувиар нэмэгджээ. Үүнд уул уурхайн салбар болон түүхий эдийн үнийн өсөлт нөлөөлсөн байна.
Тухайлбал, уул уурхайн салбар 24, бүтээгдэхүүний цэвэр татвар 23 хувиар нэмэгдсэн. Бусад салбарын өсөлт удаашралтай байгааг Монголын Банкны холбооноос салбарын хоёрдугаар улирлын тойм, банкны өрсөлдөх чадварын тайланг танилцуулах үеэр мэдээлэв.
Түүнчлэн, эдийн засгийг эрэлт талаасаа өрхийн хэрэглээ 9 хувиар багасаж, хөрөнгө оруулалт 12 хувиар нэмэгдэв. Бодлогын хүү багассан нь дотоод хөрөнгө оруулалт нэмэгдэхэд нөлөөлжээ. Цар тахлын улмаас экспорт биет хэмжээгээр багасаж, далайн тээврийн үнэ "Ковид-19”-ын өмнөх үеийнхээс тав дахин нэмэгдээд байна. Монгол Улсын инфляц энэ оны 7 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувиар нэмэгдлээ. Ингэснээр улс орнуудын инфляцид гадаад тээврийн зардал сөргөөр нөлөөлж байгаа аж.
Монголын банкны холбооны эдийн засагч Г.Батзориг "Засгийн газраас эдийн засгийг дэмжих "10 их наяд төгрөгийн хөтөлбөр" зарласан. Энэ оны эхний хагас жилд 3 хувийн хүүтэй зээл, 9 хувийн репо санхүүжилтийн нөлөөгөөр нийт зээл нэмэгдэж байна. Арван зээл тутмын нэг нь чанаргүйдлээ. Цар тахлын үед тогтоосон 4 удаагийн хөл хорионы улмаас хугацаа хэтэрсэн зээл нэмэгдсэн нь цаашид багасах төлөвтэй. Банкуудын зээл, эх үүсвэр өсөлттэй, санхүүгийн харьцаа үзүүлэлтээ хангаж байна. Энэ оны эхний хагас жилд банкны зээлийн үлдэгдэл дунджаар 10, шинээр олгосон зээлийн хэмжээ хоёрдугаар улиралд 57 хувиар нэмэгдсэн. Мөн 2020 онд цар тахлын улмаас банкуудын зээлийн багц багассан нь он гарсаар нэмэгдэж байгаа. Үүнд, "10 их наяд төгрөгийн хөтөлбөр" зээл нөлөөлсөн"-ийг тэмдэглэв.