АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Айда” хар салхинд нэрвэгдсэн Нью-Йорк хотын Куинс дүүрэг болон Нью-Жерси муж улсын Мэнвилл хотын нөхцөл байдалтай танилцана гэж Цагаан ордон мэдээлжээ.
"Есдүгээр сарын 7-ны мягмар гарагт Ерөнхийлөгч Куинс дүүрэг болон Мэнвилл хотод очиж, "Айда” хар салхинаас учирсан хохирлын хэмжээг үнэлнэ” гэж мэдээлэлд дурдсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч хар салхинд нэрвэгдсэн Луизиана муж улсын Шинэ Орлеан хотод баасан гарагт очсон байна. Цагаан ордны тэргүүн байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад Америкийн засаг захиргаанаас авч буй арга хэмжээний талаар үг хэлжээ.
Дөрөвдүгээр зэрэглэлийн "Айда” хар салхи наймдугаар сарын 29-нд АНУ-ын өмнөд эргийн Луизиана муж улсыг дайрч, дараа нь зүүн хойд эргийг чиглэсэн юм. Хар салхины эрч бага зэрэг суларсан боловч Луизиана, Миссисипи муж улсуудын зарим хотуудад хүчтэй аадар бороо, хүчтэй салхи үргэлжилсэн байна. Байгалийн гамшгийн улмаас Луизана муж улсад зургаан хүн амиа алджээ.
Нью-Йорк хотод хэдхэн цагийн дотор 15-25 см хур тунадас орсон байна. Хотын оршин суугчдад үер, хар салхи болж болзошгүй тухай утсаар мэдэгдсэн байна. Байгалийн гамшигт Бруклин, Куинс дүүргүүд хамгийн их өртөж, гудамж талбай, байшин барилга, метроны буудлууд үерт автжээ. Хүчтэй аадар борооны улмаас хотын гурван нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсооход хүрч, "US Open" тэмцээний хэд хэдэн тоглолт цуцлагдсан байна.