Төв Америкийн орнуудын иргэдээс бүрдсэн 300 орчим хууль бус цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутагт орших Чьяпас мужийн Тапачула хотоос бямба гарагт АНУ-ын хилийг чиглэн хөдөллөө гэж Milenio сонин мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, замд гарахын өмнө цагаачид Мексикийн эрх баригчдыг тус улсад хууль ёсны дагуу оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж буруутгажээ. Мягмар гарагт цагаачлалын албаныхан болон Үндэсний гвардын дайчид 500 орчим цагаачдаас бүрдсэн өөр нэг цувааг Чиапас мужийн Мапастепек хотод тараасан байна.
Шаардлагатай бичиг баримтгүй олон зуун мянган гадаадын иргэд жил бүр Мексикийн нутгаар дамжин АНУ-д нэвтрэхийг оролддог байна. Гуравдугаар сард Мексикийн Засгийн газар аюулгүй байдлын арга хэмжээг дээшлүүлэхийн тулд олон тооны цэрэг, Үндэсний гвардийн дайчдыг өмнөд хил рүүгээ илгээжээ.
Мексикийн эрх баригчид цагаачдын урсгалыг хязгаарласаар байгааг тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор наймдугаар сарын 29-нд мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрбээр эх орноосоо дүрвэн гарахаас аргагүйд хүрсэн хүмүүсийн асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатайг онцлон тэмдэглээд АНУ Төв Америкийн орнуудын иргэдэд тэтгэлэг олгож, түр ажлын виз олгох ёстой гэж мэдэгдсэн байна.