Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудал болсон Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Төслийн ажил 2019 онд эхэлж улмаар 2024 онд дуусгах төлөвлөгөөтэй буй. Мөн энэ хугацаанд одоо байгаа хуучин төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмж, засаж сайжруулан давхар ашиглах, 50-60 жил хуримтлагдсан хур лагийг үнэргүйжүүлэн, боловсруулах зэрэг олон төслийн ажлууд хийгдэж буй.
Эдгээрийн нэг Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авах зарим ажлын хүрээнд "Лагийн талбайг үнэргүйжүүлэх, бордоо хийх ажил” , "Лагийн талбайн картууд дахь лагийг үнэргүйжүүлэн хөрс болгох ажил”-ыг хийж дуусгажээ.
Төслийн ажлын хүрээнд хуримтлагдсан 800 мянга орчим метр куб хур лагийг япон технологийн дагуу хоёр жилийн хугацаанд усгүйжүүлэн, үнэргүйжүүлж бордоо болгожээ. Ингэснээр 5-15 км-ийн радиуст өмхий үнэр тараадаг гол эх үүсвэрийг устгасан гэж албаныхан хэлэв.