Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоол зарим салбарын ажиллагчдад хүндрэл учруулж байгаа талаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.
Уг тогтоолд төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх талаар тусгасан байна.
Цар тахалтай өнөө цагт боловсрол, эрүүл мэнд, авто зам, уул уурхай зэрэг салбарт орон тооны хомсдол үүсэх, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг сөрөг үр дагавар гарч байгааг тэд онцоллоо.
МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа: Засгийн газрын гаргасан 43 дугаар тогтоолын 1.3 буюу төрийн болон олон нийтийн өмчит компанийн бүтэц, чиг үүрэг, удирдлагын цалин хөлс зэргийг нийтлэг жишгээр тогтох, цалин урамшууллыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Анх захиргааны албан тушаалтнуудад хамааралтай тогтоол гэж гарсан боловч нийт төрийн үйлчилгээний салбарт ажиллаж бүх хүнд хамааруулж байна. Тиймээс багш, эмч зэрэг төрийн салбарт ажиллаж байгаа алба хаагчдын эрх ашгийг зөрчиж байна гэж МҮЭХ үзэж, үүнийг эсэргүүцэж байна.
Мөн цар тахалтай холбоотой бензин, өргөн хэрэглээний үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотой Засгийн газар иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иргэдэд тавих татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, үнийг нэмэхгүй байхад дорвитой арга хэмжээ авахыг сануулж байна. Цар тахлын улмаас боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомстолд орох, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгаа учир удирдлагын бус ажилчдын цалинг хасаж байгаад анхаарал хандуулахыг шаардаж байна” гэв.
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал: Эрчим хүчний салбар ажиллаж байгаа хүмүүс олноор өвдөж, хавсарч, орлож нэгнийгээ нөхөж ажиллахад ажилчдын ачаалал эрс нэмэгдсэн. Гэтэл нэг алба хаагч ачаалалтай ажилласан ч цалин нэмэгдүүлэх, нэмэлт цалин бодох боломжгүй тогтоол гарсан. Үйлдвэрлэл, үйл ажиллагаан дээр ажиллаж байгаа хүмүүст энэ шийдвэр сөргөөр тусаж байна. Энэ оныг дуустал айл өрх, албан байгууллагыг цахилгааны төлбөрөөс чөлөөлж байгаа. Есдүгээр сарын 15-наас өвлийн ачаалалд орох гэж байна. Манай салбарын нийт 16 мянган ажилчин эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд тасралтгүй оролцож байна. Тиймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ байгаа учраас энэ тогтоолыг эргэж харах нь зүйтэй.
Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв: Автозам засварын болон нийслэлийн автозамын газрын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Автозамын салбарын ажилчид маш хортой нөхцөлд ажилладаг байхад хөдөлмөрийн аюулгүй байдлын санхүүжилтийг танаж байгаад бухимдалтай байна. 2-3 сар цалинг нь олгохгүй, ажилчдын орон тоог хэмнэж, захиргааны орон тоог нэмж байгаа. Хийх ёстой ажлаа хийж байгаа хүмүүсийн цалинг хэмнэж, танана гэдэг байж боломгүй зүйл. Төрийн өмчийн газрууд, Зам тээвэр хөгжлийн яам ажлаа хийхгүй байна. Монгол компаниуд дампуурч, Хятад компаниуд ноёлж байна гэлээ.
Тус холбооноос шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байгаа тул татварыг нэмэгдүүлэхгүй, цалин, тэтгэврийг нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн юм.