УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Кшиштоф Бойко УИХ-ын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, БНПУ-ын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскагийн Польш Улсад айлчлах урилгыг гардуулав. Тэрбээр, энэ айлчлал нь хоёр талын нийтлэг сонирхол, хөгжлийн чиглэл болох парламент хоорондын хамтын ажиллагаа, мөн эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцах, санал солилцох боломж бүрдэнэ хэмээснийг уламжлав.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд Монгол, Польшийн харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг, энэ үйлсэд Польшийн Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж буйг дуулгав. Тэрбээр, Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевскагаас БНПУ-д айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээн авч, энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаанд соёл, боловсролын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж ирснийг өндрөөр үнэлдгээ цохон тэмдэглэв.
Талууд хоёр улс хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, төлөвлөгөөнд буй харилцан айлчлал зэрэг асуудлаар санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.