Шатахуун тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахад БНХАУ-ын тал дэмжихээ илэрхийллээ.
Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн захиалсан шатахууныг шуурхай тэвээрлэн авчрахад дэмжлэг авах зорилгоор, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны албан тушаалтнууд БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох хүмүүстэй өчигдөр уулзсан юм.
БНХАУ-ын Намрын дунд сарын баярын бүх нийтийн амралтын өдрүүд дуусаж, ажилдаа орсон даруйдаа ЭСЯ-ны хүсэлтийг хүлээн авч, уулзалтыг шуурхай зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсын дотоодод үүссэн нөхцөл байдлын талаар тодорхой танилцуулав. Мөн ЭСЯ-наас Хятадын Петрочайна компаниас шатахуун худалдан авах гэрээ хийгээд буй манай улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн захиалгыг төмөр замаар яаралтай тээвэрлэх асуудлыг зохицуулахад дэмжлэг болохыг хүслээ. Хятадын тал манай улсад нэн тулгамдаад буй уг асуудлыг ойлгож байгаагаа тэмдэглэж, Хятадын төмөр замын холбогдох байгууллагатай харилцан шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллахаа мэдэгдлээ.