АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар олон улсын терроризмтой хамтран тэмцэж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо гэж Цагаан ордон мэдээлэв.
Моди, Байден нарын анхны уулзалт баасан гарагт Цагаан ордонд болсон юм. Хоёр орны удирдагчид стратегийн түншлэлийг бий болгох, Энэтхэг, Номхон далайн бүс нутагт нийтлэг ашиг сонирхлоо хангахын тулд бүс нутгийн байгууллагууд, тэр дундаа АСЕАН-тай хамтран ажиллах, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын харилцааг бэхжүүлэх сонирхолтой гэдгээ дахин нотолж, цэргийн дэвшилтэт технологийн чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
АНУ, Энэтхэг олон улсын терроризмтой хамтран тэмцэж, террорист бүлэглэлүүдтэй тэмцэх арга хэмжээг зөвшилцөж, хэрэгжүүлнэ гэдгийг уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Тодруулбал, хоёр орны удирдагчид Афганистанд терроризмтой тэмцэх нь чухал болохыг цохон тэмдэглэжээ. Афганистаны засгийн эрхийг булаан авсан "Талибан” хөдөлгөөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2593 дугаар (2021 он) тогтоолыг баримтлах ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Уг тогтоолд заасны дагуу Афганистаны газар нутгийг бусад улс руу халдах, террористуудыг сургах, тэдний хоргодох газар болгох, террорист халдлага төлөвлөх, мөн санхүүжүүлэх талбар болгох ёсгүй. Талибуудын хүлээх үүргийг мөн тогтоолд тусгажээ.
Жо Байден мөн НҮБ -ын Аюулгүйн Зөвлөлд Энэтхэгийг байнгын гишүүнээр элсүүлэхийг АНУ дэмжиж байгааг дахин нотолсон байна.
Уулзалтын үеэр Нарендра Моди АНУ-ын Ерөнхийлөгчийг Энэтхэгт айлчлахыг урьжээ.