Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн хамт олон энэ жил эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаар 50 хүний амь нас аварсан байна. Тодруулбал, УИХ-аар Донорын хуулийг баталснаар энэ онд тархины үхжилттэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал дөрөв, бөөр шилжүүлэн суулгах мэс засал 11 удаа амжилттай хийжээ. Мөн шөрмөс авч гурван хүнд өвдөгний урд, хойд, дотор хажуу холбоосыг сэргээн засах мэс заслыг анх удаа хийсэн бөгөөд хэвлийн гол судас доод хөндийн вений судсыг авч элэгний судсыг сэргээн засах зорилгоор ашигласан байна. Үүнээс гадна анх удаа цусны бүлэг өөр, амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Одоо өвчтөний биеийн байдал сайн , эмчийн тогтмол хяналтад байгаа аж.
Дэлхий дахинаа эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хуудсанд бүртгэгдсэн өвчтнүүдийн 5-10 хувь нь донорын хүрэлцээгүйн улмаас эмчилгээгээ хийлгэж чадалгүй нас бардаг байна. Тиймээс тархины үхэлтэй донороос эрхтэн авч шилжүүлэн суулгах нь хамгийн оновчтой сонголт аж.