Иргэд зээлийн мэдээллээ "e-Mongolia”-гаас үнэ төлбөргүй харах боломжтой боллоо.
Шинэчилсэн "e-Mongolia” системд иргэд цахим бичиг баримттай болсноор төрд буй өөрийн нэр дээрх мэдээллийг үнэ төлбөргүй харж болно. Ингэхдээ зээлийн мэдээллийг иргэн бүрд өөрт нь нээлттэй үнэ төлбөргүй байршуулж өгчээ. Гэхдээ таны зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл зөрүүтэй, тодруулах шаардлагатай байвал зээл олгосон байгууллагынхаа төвд хандаж, шийдүүлэх боломжтой.
Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч нь төрийн байгууллага (эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар), ББСБ, ХЗХ, санхүүгийн түрээсийн компани, үүрэн холбооны оператор компани, хуульд заасан бусад хуулийн этгээд байх аж.
Түүнчлэн, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу төлж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл, өр төлбөрийг ангилдаг байна.
Үүнд:
Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -хэвийн
90 хүртэл хоног – анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
91-180 хоног – хэвийн бус
181-360 хоног – эргэлзээтэй
361-с дээш хоног – муу гэсэн ангилал байдаг.
Арилжааны банкнаас зээл авахад тухайн иргэн зээлийн шалгуур хангаж буй эсэхийг төв банкны зээлийн мэдээллийн сан дахь мэдээллийг харгалзан, хэдий хэмжээний зээл олгохоо шийддэг. Энэ нь төдийлөн ил тод бус бөгөөд иргэд харилцагч банкандаа хүсэлт гаргаж, тухайн үйлчилгээг төлбөртэй авах эсвэл зээл хөөцөлдөх үедээ энэ мэдээлэлтэй танилцдаг байсан юм.
"e-Mongolia” системд төрийн 56 байгууллагын 542 үйлчилгээг нэгтгэн, давхардсан тоогоор 5 сая орчим удаа үйлчилгээ хүргэжээ. Иргэд төрийн үйлчилгээг чирэгдэл түгжрэлгүй, шуурхай авснаар мөнгөн дүнгээр 46 тэрбум төгрөг хэмнэснийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар мэдээллээ.