Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны холбоо хамтран "Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяныг "Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар Төв аймгийн Зуун мод хотод эхлүүллээ.
Энэ аяныг 10 дугаар сарын турш үргэлжлүүлж, иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгох олон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Тухайлбал, хүүхэд залуусын дунд гар зургийн уралдаан, цахим орчинд тэмцээн, сургалт, уулзалт зохион байгуул, хуримтлалын ач холбогдлыг таниулан сурталчлах юм.
Аяны нээлтийн үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбэрг, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Монголын Банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн үг хэлж, хуримтлалын өдөр, түүний ач холбогдол, Монгол-Германы хамтарсан төслийн үр дүн, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг сэдвээр мэдээлэл өгөв.
"Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг энэ жил 10 дугаар сарын 12-нд Мандалговь хотод, 19-нд Дархан хотод, 21-нд Эрдэнэт хотод, 26-нд Баруун-Урт хотод, 30-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэ өдрийг 1924 оны 10-р сарын 31-ний өдрөөс жил бүр дэлхий даяар, манай улсын хувьд 2012 оноос хойш тэмдэглэж байна.