Үндэстнүүдийн лигийн тэмцээний шувтаргын тоглолтод Францын шигшээ баг Испанийн багийг 2:1 онооны харьцаатай хожиж, аваргын цомыг хүртжээ. Тоглолт Милан хотод болсон байна.
Францын шигшээ багийн довтлогч Карим Бензем тоглолтын 66 дахь минутад, Килиан Мбаппе 80 дахь минутад гоол хийжээ. Харин Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Микель Оярсабаль 64 дэх минутад тоглолтын анхны гоолыг оруулсан байна. Түүнчлэн довтлогч Антуан Гризманн Францын шигшээ багийн төлөө зуу дахь тоглолтоо хийжээ.
Испанийн хагас хамгаалагч Серхио Бускетс тэмцээний шувтаргын хэсгийн шилдэг тоглогчоор тодорлоо.
Францын шигшээ баг Үндэстнүүдийн лигийн тэмцээний тоглолтуудад нэг ч ялагдал хүлээгээгүй юм. Хэсгийн шатны тоглолтуудад Дидье Дешамын баг нэг тэнцээтэй таван хожил авчээ. Францчууд Португал, Хорват, Шведийн багуудтай нэг хэсэгт тоглосон байна. Хагас шигшээ тоглолтод Бельгийн шигшээ багийг 3:2 онооны харьцаагаар хожжээ.
Үндэстнүүдийн лиг нь Европын хөл бөмбөгийн холбооноос /UEFA/ гишүүн 55 улсынхаа шигшээ багуудын хооронд зохион байгуулдаг олон улсын тэмцээн юм.