УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохицуулж байгаа. Харин Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудал ямар нэгэн зохицуулалтгүй үлдсэн. Чөлөөт бүсийн үндсэн үйл ажиллагааны салшгүй хэсэг нь хил, гааль, хорио цээрийн хяналтын ажиллагаа бөгөөд чөлөөт бүсийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг хөрш улстай байгуулсан хэлцээрийн дагуу зохицуулах юм. Иймээс уг асуудлыг хилийн боомтын үйл ажиллагааг нээх, хаахтай адил буюу Засгийн газрын шийдвэрээр зохицуулахаар тусгажээ.
Чөлөөт бүсийн тухай /2015 онд баталсан/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын ""хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газрын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг,”” гэсэн томьёолол нь агуулга, найруулгын хувьд зөвхөн хөрш улсынхаа хилийн боомтын нутаг дэвсгэрт чөлөөт бүс байгуулахаар ойлгогдохоос гадна мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "Чөлөөт бүсийн газар нь боомтын нутаг дэвсгэрт хамаарахгүй.” гэж заасантай зөрчилдөж байгаа аж. Иймд "эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж хил залгаа улстай тус тусын хилийн зурвас дахь газарт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг,”” гэж өөрчлөн найруулах, үүнтэй уялдуулан мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "боомтын” гэснийг "зурвас дахь газарт” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "боомтод” гэснийг "зурваст” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн "боомт” гэснийг "зурвас” гэж тус тус өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.
Олон нийтийн аюулгүй байдыг хангах, нийтийн хэв журам хамгаалах асуудал нь Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаардаг тул Чөлөөт бүсийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн "Чөлөөт бүсэд нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам хамгаалах үүргийг цагдаа, дотоодын цэрэг гүйцэтгэнэ.” гэж өөрчлөн найруулахаар төсөлд тусгав.
Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дээр дурдсан дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсээд байна.
Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон шинээр хуулийн төсөл боловсруулахгүй, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төсөл боловсруулах шаардлагагүй, нэмэлт зардал гарахгүй аж.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт чөлөөт бүсүүд идэвхтэй ажиллаж эхлэх, Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тодруулав.
Цагаан нуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд оруулах тогтоолын төслийг Засгийн газарт өргөн бариад байгаа аж. Уг чөлөөт бүсээр хонь, адууны мах, ноос ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг ОХУ, Казахстан руу гаргаж байгаа аж. Тус бүс 2019 онд 162 тэрбум төгрөгийн импорт, 111 тэрбум төгрөгийн импорт хийж байсан бол 2020 онд импорт 118 тэрбум, экспорт 5.6 тэрбум болж буурсан байна. Энэ цар тахлын нөхцөл байдлын улмаас хилийн боомт тодорхой хугацаанд хаагдсантай холбоотой аж.
Замын-Үүд чөлөөт бүс энэ оны наймдугаар сард байнгын ажиллагаанд шилжсэн. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар Замын-Үүд чөлөөт бүс, Эрээний чөлөөт бүс хамтран ажиллах нөхцөл бүрдэх аж. Замын-Үүд чөлөөт бүсийг үндсэн дөрвөн чиглэл буюу үйлдвэрийн, тээвэр логистикийн, худалдааны болон аялал жуучлалын чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар тус бүсэд байнгын үйл ажиллагаатай гурван дэлгүүр ажиллаж байгаа бөгөөд 300 зорчигч, 120 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна. Уг гурван дэлгүүрийн хоёр сарын орлого нь нэг тэрбум төгрөгт хүрсэн гэсэн судалгаа гарчээ. Тус бүсэд нийт 66 аж ахуйн нэгж 100 га газар авсан байна.
Алтанбулаг чөлөөт бүсийн тухайд 2014 онд байнгын үйл ажиллагаанд шилжсэн бөгөөд улсын төсвийн 26.5 тэрбум төгрөгөөр дэд бүтэц тавьсан байна. Хэлэлцэж буй хуулийг баталснаар ОХУ-тай Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болон хөгжих аж. Тус бүсэд нийт 20 аж ахуйн нэгж ажиллаж байгаа бөгөөд 15 орноос 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортлодог байна.
Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 39 гишүүний 59 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулган өндөрлөв.