СЗХ-ны гуравдугаар улирлын мэдээллээр манай улсад өнөөдрийн байдлаар нийт 531 ББСБ үйл ажиллагаа явуулж, тэдгээрийн хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өсжээ. ББСБ-ууд дахь зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж 1.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Олгосон зээлийн:
- 62.3 хувь нь хэрэглээний зээл,
- нийт зээлийн үлдэгдлийн 86.6 хувийг иргэд,
- 13.4 хувийг хуулийн этгээд бүрдүүлж байна.
ББСБ-уудын зээлийн нийлүүлэлт нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсөж 1.6 саяд хүрчээ. Нийт харилцагч давхардсан тоогоор 4.5 сая болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувиар өссөн байна.
Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.1 сая төгрөг бол финтекийн гар утас буюу аппликейшнээр олгосон дундаж зээл 142.1 мянган төгрөг байна. Финтекийн зээлдэгчид 1.3 сая буюу нийт зээлдэгчийн 81.2 хувийг бүрдүүлж байна. Гуравдугаар улирлын дүнгээр ББСБ-уудын зээлийн багцад чанаргүй зээлийн эзлэх хувь 8.3 буюу 146.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 пунктээр буурчээ.